Цахим мэдээлэх хуудас ашиглаж эхэллээ

       Чикагогийн конвенцийн Хавсралт 11, Хавсралт 19-өөр тус албаны үйл ажиллагаанд Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо хэрэгжүүлэх стандарт тогтоогдсон байдаг. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо нь 4 бүрэлдэхүүн, 12 элементийн дагуу хэрэгжих шаардлагатай бөгөөд 2015 оноос эхлэн Аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийн үзүүлэлт, зорилтот болон сэрэмжлүүлэх түвшинг тодорхойлон ажиллаж байна. Аюулгүй ажиллагааны тайлан, залруулах арга хэмжээ /Safety reporting and remedial actions/-ний хэрэгжилтийн хүрээнд үйл ажиллагаанд оршиж байгаа аюул, эрсдэлтэй нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг хүлээн авах дараах 2 тогтолцоог нэвтрүүлж байна. Үүнд:

  • Заавал /Болзошгүй осол, ноцтой зөрчил дутагдал гарах магадлалтай нөхцөл байдал бий болсон эсхүл ИНД12 дүрмээр тогтоосон осол, ноцтой зөрчил үүссэн/
  • Сайн дураар /Үйл ажиллагааны гажуудал, үл тохирол, алдаа, дутагдал гарах нөхцөл байдал үүссэн/

        Мөн аюулгүй ажиллагааны мэдээллийг доорх сувгаар хүлээн авч, бүртгэж шийдвэрлэн холбогдох ажилтан, албан тушаалтан, нэгжид хариу мэдэгдэж байна. Үүнд:

  • safety-atc@mcaa.gov.mn цахим хаяг
  • Буянт-Ухаа нисэх 34 НХҮА шуудангийн хаяг
  • 281700, 281174 телефон утас
  • Аюулын мэдээлэл хүлээн авах хайрцаг
  • Албан бичиг
  • Мэдээлэх хуудас

    НХҮА-ны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан Аюулгүй ажиллагааны мэдээллийг цахимжуулах ажлын хүрээнд http://ats.mcaa.gov.mn цахим хаягт байрлаж буй Аюулгүй ажиллагаа булангаар Мэдээлэх хуудсыг түргэн шуурхай бөглөх боломжийг SMART-ATM төслийн шугамаар гүйцэтгэсэн тул та бүхэн энэхүү мэдээлэх хуудсыг өргөнөөр ашиглан аюулгүй ажиллагааны мэдээллийг хүргүүлнэ үү.