Нислэгийн төлөвлөлт, гүйцэтгэлийн судалгаа – 2017

2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ИНЕГ-ын Мэдээллийн цагаар НХҮА-ны Шуурхай төлөвлөлтийн хэсгийн үйл ажиллагааны танилцуулга болон 2017 оны ажлын үр дүнгийн тайлан болох нислэгийн судалгааны эмхэтгэлийг танилцууллаа.

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Шуурхай төлөвлөлтийн хэсэг нь Иргэний нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн багц дүрмүүд болон ИНЕГ-ын даргын тушаалаар баталсан “Нислэгийн хөдөлгөөнийг төлөвлөх, зөвшөөрөл олгох журам”-ыг мөрдлөг болгон:

  • дотоод, гадаадын агаарын тээвэрлэгчдээс Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх нислэгийн хүсэлтийг ажлын бус цагаар хүлээн авч холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн нислэгийн зөвшөөрөл олгож урьдчилсан, шуурхай төлөвлөлтийг хийх;
  • холбогдох алба, салбар, нэгж болон орон нутгийн нисэх буудлуудыг нислэгийн төлөвлөлтийн мэдээллээр хангах;
  • нислэгийн гүйцэтгэлийг бүртгэх, хянах;
  • нислэгийн мэдээ тайланг төрөл бүрээр боловсруулан гаргаж холбогдох алба, салбар нэгжүүдэд түгээн ажилладаг.

2017 онд Монгол улсын агаарын зайгаар дамжин өнгөрсөн болон бууж хөөрсөн нийт нислэгийн төлөвлөлт, гүйцэтгэлийн мэдээ, судалгааг сар, улирал, жилээр, нислэгийн төрөл болон захиалгын төрлөөр, авиакомпаниар, агаарын хөлгөөр, агаарын замаар, авиакомпани-агаарын замаар, авиакомпани-агаарын хөлгийн маягаар, сар, өдөр, цагийн эрчимжилтээр, мөн өмнөх оны нислэгтэй, сүүлийн 5 жилийн нислэгийн тоотой харьцуулан өсөлт, бууралтын тоо, хувиар гаргасан судалгаа, мэдээллийг ЭМХТГЭЛ болгон албан ажлын хэрэгцээнд гарган алба, салбар нэгжүүдэд хүргүүлж, тайлагналаа. Эмхтгэлд орсон нислэгийн мэдээллээс толилуулбал:

2017 онд нийт 247059 нислэг төлөвлөгдөж, 124549 нислэг гүйцэтгэгдэж төлөвлөгөөний биелэлт 50,4%-тай байлаа. Эдгээр нислэгийг 47 орны 189 авиакомпани гүйцэтгэсэн байв. Үүнийг нислэгийн төрлөөр нь ангилбал: Олон улсын өнгөрөлтийн нислэг 89,1%-ийг, олон улсын буулт, хөөрөлтийн нислэг 6,4%-ийг, Орон нутгийн хөөрөлт, буултын нислэг 4,5%-ийг тус тус эзэлж байна.

 

2016 оны нислэгтэй харьцуулахад Олон улсын өнгөрөлтийн нислэг 11,8%-иар, олон улсын буулт, хөөрөлтийн нислэг 17,8%-иар, орон нутгийн хөөрөлт, буултын нислэг 14,5%-иар тус тус өссөн.

Сүүлийн 5 жилд Олон улсын өнгөрөлтийн нислэг дунджаар 6,1%-иар өссөн бөгөөд 2013 оны үеийн нислэгээс 29,5%-иар нэмэгдсэн.

2013-2017 оны Олон улсын өнгөрөлтийн нислэгийн гүйцэтгэл