PBN-ийн 2-р үе шатыг амжилттай нэвтрүүллээ

Иргэний Нисэхийн Олон Улсын байгууллага (ICAO)-ын 2010 онд зохион байгуулагдсан 37-р чуулганаас гишүүн орнуудыг Үзүүлэлтэд Тулгуурласан Навигаци бүхий агаарын замууд, нислэгийн журмуудыг боловсруулан нислэгийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэхийг зөвлөсөн байдаг.

Үзүүлэлтэд Тулгуурласан Навигаци буюу PBN (Performance Based Navigation) нь агаарын хөлгийн тоног төхөөрөмжид суурилсан нарийвчлалтай, тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагаа юм.

Монгол Улсын хувьд Үзүүлэлтэд Тулгуурласан Навигаци хэрэгжүүлэх ажилд төр засгийн зүгээс дэмжин ажилладаг ба “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийн 5.2.2-т “Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагын холбоо, навигаци, ажиглалт ба Нислэгийн хөдөлгөөний менежмент (CNS/ATM) концепци, үзүүлэлтэд тулгуурласан навигаци (PBN) концепцийг 2020 он хүртэл тус тус бүрэн хэрэгжүүлж нислэгийн аюулгүй байдлыг сайжруулах” тухай тусган оруулсан байдаг.

ЗТЯ-ны сайдын 232 тоот тушаалаар PBN-ийн 1-р үе шатыг 2015 оны 11-р сарын 12-ны өдрөөс нислэгийн үйл ажиллагаанд 3-н RNAV5 бүхий агаарын замыг ашиглаж эхэлсэн юм.

PBN- ийн 1-р үе шатыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрсэн. Үүнд;

  • Агаарын замын маршрут чиг шулуун болсноор тээвэрлэгч компаниудын нислэгийн цаг, түлш зарцуулалт багассанаар эдийн засгийн ач холбогдол өссөн;
  • Агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн;
  • Агаарын хөлгийн хөдөлгүүрээс гарах нүүрс хүчлийн хийн ялгарал буурснаар байгаль орчинд ээлтэй болсон;

Зам Тээврийн Хөгжлийн Яамны сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 09 тоот “Агаарын зайг шинэчлэн тогтоох” тухай тушаал, ИНЕГ-ын даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/50 тоот “Агаарын зайн өгөгдлүүдийг шинэчлэн тогтоох” тухай тушаалуудыг тус тус үндэслэн 7-н RNAV5 бүхийагаарын замыг шинээр ашиглаж эхэллээ.

2017 оны 03 сарын 30-ны өдрийн 00.00UTC цагт PBN-ийн 2-р үе шатыг нислэгийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, ашиглах нээлтийн ажиллагаа болж ЗТХЯ-ны дэд сайд Б.Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд Шанхайгаас Лейпцигийн чиглэлд нислэг үйлдэж буй BOX 571 дуудлагатай Боинг 777 маягийн агаарын хөлөг 00.11UTC цагт NIXAL-DARNO чиглэлд Y746 агаарын замаар анхны нислэгийг үйлдлээ.

ЗХНХ