EN

Түүхэн товчоо

1957-1964 он:

Монгол Улсад Цэргийн нисэх хүчнээс иргэний агаарын тээвэрт шилжих бэлтгэл ажил 1946-1956 оны хооронд хийгдсэн бөгөөд нислэгийн хөдөлгөөнийг удирдах ажилтан бэлтгэх, дадлагажуулах, чадваржуулах ажлууд эхэлсэн байна. 1957 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 2 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар тогтоолоор Цэргийн ба Нийгмийг Аюулаас Хамгаалах Хэрэг Эрхлэх Яамны дэргэд “Агаарын харилцааны газар”-ыг байгуулан даргаар нь тус Яамны орлогч сайд, генерал Б.Цогийг томилон гадаад, дотоодын агаарын харилцааг хариуцуулсан байна.

Цэргийн ба НАХХЭЯ-ны сайдын 1956 оны 292 дугаар тушаалаар Хөдөлгөөний диспетчерийн түр 6 сарын курс зохион байгуулж, Улсын бага хурлын гишүүн, нисэх хүчний дарга, хошууч генерал М.Зайсанов, хорооны ерөнхий штурман П.Загд, аэродинамикийн багш Б.Надя, Д.Хандаахүү нарыг сургажээ.

Цэргийн ба НАХХЭЯ-ны сайдын 1957 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 99 тоот  тушаалаар улаан тугийн одонт нисэх тавдугаар отрядын туслах бөгөөд ахлах диспетчерээр Т.Бадарчийг, мөн Цэргийн ба НАХХЭЯ-ны сайдын 1957 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 103 тоот тушаалаар Нисэх онгоцны төв буудлын хөдөлгөөний алба байгуулж, П.Загд, Б.Надя нарын хөдөлгөөний диспетчерээр томилон ажиллуулснаар манай улсад нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын үндэс суурь тавигдсан байна.

1957 оноос Хөдөлгөөний алба хоёр ээлжтэй, нэг ээлжиндээ ахлах диспетчер, командын диспетчер, АДС-ын диспетчертэй, жижүүрийн хоёр штурман албаны дарга гэсэн 9 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Холбооны албаны бүрэлдэхүүнд байдаг радио бюро, туул, сонгины холбоочид нисэх баг, аймгийн нисэх буудлуудтай байнгын радио холбоо холбогдож, хамтран ажиллаж байв. Радио бюро нь Москва-Бээжингийн өнгөрөлтийн онгоцны улсын хил, Буянт-Ухаагийн нисэх буудлын чиглүүлэх радиостанцыг өнгөрсөн өнгөрөлтийн цагийг морзоор хүлээн авч Бээжин, Москва, Улаанбаатарын АДС-т дамжуулна. Энэ үед Хөвсгөл, Ховд, Баянхонгор аймгийн нисэх буудалд хөдөлгөөний диспетчерийн орон тоотой, холбоочин, холбооны техникч нартай ээлжлэн ажилладаг ба богино радиостанцаар нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлдэг байлаа. Тэр үед хөдөлгөөний диспетчерийн өгсөн захирамжийг нисэх баг заавал биелүүлэх үүрэгтэй байсан. Энэ нь цэргийн нисэх хүчний амьдралд мөрдөгдөж ирсэн анги байгууллагын тушаалаар тухайн өдөр жижүүрийн нислэгийн удирдагчаар томилогдсон нисэхийн удирдах албан тушаалтан нислэгийг удирдаж явуулдаг байсан туршлагатай холбоотой юм.

БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” 1958 оны 1 дүгээр сарын 17-нд байгуулагдсанаар Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн агаарын зам нээгджээ.

Тухайн үеийн Аэродромын диспетчерийн байр нь Агаарын довтолгооноос хамгаалах ангийн шууд утас, хотын болон нисэхийн телефон утас, дотоод холбооны төхөөрөмжөөр тоноглогдсон байсан бөгөөд Хөдөлгөөний диспетчер нь төв, орон нутгийн бүх нислэгийг төлөвлөх, албаны даргаар батлуулах, хөөрөлт, буулт, өнгөрөлтийн цагийг “Хөдөлгөөний журнал”-д бүртгэж, цагаар хянаж, Агаарын довтолгооноос хамгаалах цэрэгт цаг тухайд нь мэдээлэх, шаардлагатай үед цэргийн радиолокаторыг захиалж мэдээлэл авах, төв орон нутгийн бүх нислэгт хязгаарлалт тогтоодог байжээ.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр Москва-Улаанбаатар-Бээжингийн чиглэлд 1967 онд 7 хоногт 2 удаа Аэрофлот болон Эйр Чайна авиакомпанийн Ил-62 онгоц өнгөрөлтийн нислэг хийж байжээ.

1969 онд Румын Улсын Бухарест хотноо ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын агаарын тээврийн байгууллагуудын хамтран ажиллах олон талын хэлэлцээрийг байгуулснаар байгуулснаар Монгол Улсыг дамжин өнгөрөх олон улсын нислэгийн үндэс суурь тавигдсан байна.

Агаарын харилцааны газрын даргын 1970 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар тушаалаар Хөдөлгөөний албанд “Нислэгийн удирдагч”-ийн албан тушаалыг шинээр бий болгож, “Нислэгийн удирдагчийн эрх үүргийн заавар”-ыг баталсан байна.

1970-аад оны үед орон нутгийн нисэх буудлуудаас Хөвсгөл, Ховд, Баянхонгор аймгийн нисэх буудалд хөдөлгөөний диспетчер ажиллаж байсан ба бусад аймгийн нисэх буудалд хөдөлгөөний диспетчерийн ажлыг нисэх буудлын дарга хариуцдаг байсан.

Энэ үед Улаанбаатарын нисэх буудлын буултын оролт үйлдэх СП-50 систем, буултын радиолокатор РСП-5, анхдагч радиолокатор Р-5, , зурвас, явгалах замын шөнийн гэрэл суултын системээр тоноглогдсон, радио нэвтрүүлэх төвтэй үйл ажиллагаа явуулж байв.

Хэнтий, Өвөрхангай нисэх буудал буултын оролт үйлдэх ОСП буюу хол ойрын дуудлагын чиглүүлэх радиостанц, зурвасын шөнийн гэрэл суултын системээр тоноглогдсон, Улаанбаатарын бэлтгэл аэродромоор ашиглагддаг байсан.

Агаарын харилцааны газрын даргын 1970 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 13 тоот тушаалаар Хөдөлгөөний албанд “Нислэгийн удирдагч”-ийн албан тушаалыг шинээр бий болгож “Нислэгийн удирдагчийн эрх зүйн заавар”-ыг баталжээ.

1970-аад оны дунд үеэс агаарын зайн зохион байгуулалт, төв, орон нутгийн нислэгийн замыг шинэчлэн тогтоох, аэродромын нислэг үйлдэх заавар, цаг агаарын хязгаарлалтыг шинэчлэх, район, аэродромын хил хязгаарыг тогтоосон. Үүний дараа 1970-аад оны сүүлийн хагасаас эхлэн агаарын замын дагуу дуудлагын чиглүүлэх станцын сүлжээ бүрдүүлэх, хөдөлгөөний диспетчерийн ажлын байртай болох, түүнийг дотоод холбооны ярианы төхөөрөмж, хэт долгионы радио станцаар тоноглох, бүх аймгийн нисэх буудалд хөдөлгөөний диспетчер ажиллуулах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлсэн байна.

1970 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 212 тоот тушаалаар “Нислэг үйлдэх ба нислэг хөдөлгөөнийг удирдах дүрэм” (НХУД-70) батлагдан гарч нийт нисэх бүрэлдэхүүн болон нислэгийн хөдөлгөөнийг удирдах ажилтнуудаас шалгалт авч 1971 оны 1-р сараас мөрдөж эхэлжээ.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан 445 дугаар тогтоолыг үндэслэн ИАТУЕГ-ын даргын 1972 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 285 дугаар тушаалаар Буянт-Ухаагийн Нисэх Төв Буудлыг байгуулсан байна. Энэ тушаалаар Хөдөлгөөний албыг нисэх буудлын харьяанаас гаргаж ИАТУЕГ-ын Хөдөлгөөний алба болгон өөрчилсөн ба 1979 он хүртэл уг нэрээр үйл ажиллагаагаа явуулж байв.

ИАТУЕГ-ын даргын 1979 оны 123 дугаар тушаалаар Нислэгийн хөдөлгөөний удирдлагыг боловсронгуй болгох нислэгийн аюулгүй байдлыг найдвартай хангах зорилгоор ИАТУЕГ-ын Төв диспетчерийн албаны дүрмийг баталсан ба мөн Нисэх буудал тус бүрийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын хилийг тогтоосон байна.

1980 он гэхэд 17 аймгийн төв, 170-аад сум, сангийн аж ахуй, бригадын төвд агаарын тээврийн тогтмол нислэгээр үйлчилдэг болсонтой уялдан Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий  газар /ИАТУЕГ/-ын Хөдөлгөөний алба нь зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орж Хөдөлгөөний тасаг, Төв диспетчерийн алба, Нисэх отрядад Хөдөлгөөн штурманы хэлтэс болсон ба Батлан хамгаалах яамны Нисэхийн удирдах газар, Зөвлөлтийн цэргийн нисэх хүчинтэй хамтарсан Нислэгийн хөдөлгөөний удирдлагын нэгдсэн ерөнхий төвийн иргэний нисэхийн сектор тус тус байгуулагджээ.

ИАТУЕГ-ын Хөдөлгөөний тасаг нь нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ -ын стандартыг нэвтрүүлэх ажлын эхлэлийг тавих, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажлын түвшинд дүн шинжилгээ хийх, авч хэрэгжүүлэх шийдвэр, арга хэмжээний үндэслэл боловсруулах, нислэгийг цаг агаарын мэдээгээр хангах ажлыг боловсронгуй болгох, нислэгийн удирдагч нарыг сургах, дадлагажуулах, шалгах, гэрчилгээжүүлэх, ажлын байрны заавар журам гаргаж мөрдүүлэх, агаарын зам, нисэх буудлын тоноглолыг сайжруулах ажлыг хариуцан гүйцэтгэдэг байсан.

ИАТУЕГ-ын Төв диспетчерийн алба нь нислэгийн хөдөлгөөний төлөвлөлтийг нэгдсэн системтэй болгож гадны байгууллагатай хийх зохицуулалтыг сайжруулах, хоногийн нислэгийн төлөвлөгөөний биелэлтэд хөдөлгөөний зүгээс тавих хяналт, үйлчилгээг байнгын болгох, нислэгийн хангалтыг чанаржуулах ажлыг гүйцэтгэж байсан ба орон нутагт үйлдэж байгаа бүх нислэгийн хөдөлгөөнийг цаг тухай бүрд нь мэдэж байх нөхцөл бүрдэж, хөөрөлт буулт бүр бүртгэгддэг болсон байна.

Улаанбаатарын аэродромын диспетчер нь бүх нислэгийн цагийг улсын агаараас хамгаалах цэрэгт мэдээлдэг болж, нислэгийн явцад тавих хяналт шинэ шатанд гарч, хамтын ажиллагаанд зохих хувь нэмрээ оруулсан билээ.Төв диспетчерийн алба нь Сонгино (56.10 кГц), Туул (55.05кГц) радио станц, Иргэний сектор, ЗХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Бээжин хотын нисэх буудлуудтай харьцах радио бюротой болон өргөжсөн.

Нисэх отрядын Хөдөлгөөн штурманы хэлтэс нь Улаанбаатарын агаарын бүсэд нислэгийн хөдөлгөөний бүх үйлчилгээг үзүүлэх, Зөвлөлтийн цэргийн нисэх ангитай нягт хамтын ажиллагаатай байж, агаарын хөлгийн аюултай ойртолтоос сэргийлэх ажлыг гүйцэтгэдэг байсан.

1986 онд ИАТУЕГ-ын Нисэх отрядын Хөдөлгөөн штурманы хэлтэс, ИАТУЕГ-ын Төв диспетерийн алба хоёрыг нэгтгэн Агаарын хөдөлгөөн удирдах алба (АХУА) болгон нэгтгэн байгуулсан байна.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр гадаад улсын агаарын хөлгүүд дамжин өнгөрөх нислэг үйлдэгдэж эхэлсэнтэй холбогдуулан Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх ИАТУЕГ-ын даргын 1986 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/240 дүгээр тушаалаар “Гадаад улсын агаарын хөлөг БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр нислэг үйлдэх түр дүрэм”-ийг баталж уг дүрмийн дагуу гадаад улсын агаарын хөлөгт нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэх эхлэл тавигджээ.

Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх ИАТУЕГ-ын даргын 1986 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн А/292 дугаар тушаалаар ЗХУ-ын Иргэний агаарын тээврийн яамны төлөөлөгчидтэй “Улаанбаатар Эрхүү хотуудын хооронд нислэгийн хөдөлгөөний удирдлагын” асуудлаар хэлэлцээр хийх бүрэлдэхүүнийг томилж, улмаар хөрш улсуудын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын байгууллагатай агаарын хөлгийн удирдлага шилжүүлэх гэрээг байгуулах үндэс суурь тавигдсан байна.

1987-1996 он:

1987 оноос эхлэн Иргэний агаарын тээврийн байгууллагуудтай гэрээ хийж, манай улсын нутаг дэвсгэр дээгүүр нисэн өнгөрсний болон нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлсний хураамж авч эхэлсэн.

1989 оноос Тээврийн яамны харьяа МИАТ нэгтгэлийн Агаарын хөдөлгөөн удирдах алба гэж өөрчлөгдөн нэрлэгдэж, 1993 он хүртэл үйл ажиллагаа явуулсан байна.

1990 онд нислэгийн хөдөлгөөний хяналтыг сайжруулах зорилгоор суултын радиолокатор ДРЛ-7СМ, өнгөрөлтийн радиолокатор 1РЛ-139-2  радиолокаторуудыг шинээр суурилуулжээ.

Олон улсын өнгөрөлтийн нислэгийн тоо нэмэгдэж, Нислэгийн хөдөлгөөний удирдлагыг олон улсын стандарт шаардлагын түвшинд хүргэх үүднээс ажил мэргэжлийн нэршилд нэр томьёоны өөрчлөлт оруулах шаардлага бий болсон. Ингэснээр “Хөдөлгөөний диспетчер”-ийг Нислэгийн удирдагч, “Нислэгийн удирдагч”-ийг Нислэгийн ахлах удирдагч гэж тус тус өөрчилсөн.

1991 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн улсын хилийн агаарын замын “DARNO” хаалга шинээр нээгдэж, Мөрөн нисэх буудалд “Мөрөн” контролийн ажлын байр бий болгож тогтмол үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

1993 онд Иргэний агаарын тээврийн салбарын бүтцэд өөрчлөлт орж, Агаарын хөдөлгөөнийг удирдах алба нь Нислэгийн хөдөлгөөнийг удирдах үндэсний төв болон өргөжиж, Хөдөлгөөний болон Холбоо навигацийн гэсэн 2 үндсэн албатай, 17 аймгийн нислэгийн удирдагч, холбоо навигаци болон гэрэл суулт, цахилгааны техникч, чиглүүлэх радио станцын техникч нарын үйл ажиллагааг мэргэжлийн талаас нь удирдан зохион байгуулж, Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч байгаа гадаад дотоодын онгоцуудад 24 цагийн турш тогтмол үйлчилгээ үзүүлж, тэдгээрийг нислэгийн хөдөлгөөнийг хянан зохицуулах, шаардлагатай мэдээллээр хангах, нислэгийн хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах үндсэн үүрэгтэй ажилласан.

1993 онд Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын захирлын А/13 дугаар тушаалаар Иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрын харьяа Нислэгийн хөдөлгөөний удирдах үндэсний төв болгон өөрчлөн зохион байгуулсан. Тус төв нь захиргаа, боловсон хүчний тасаг, мэргэжлийн бодлогын хэлтэс, санхүүгийн тасаг, хөдөлгөөний алба, холбоо навигацийн алба, цахилгааны алба, НОТАМ-ын хэсэг, цэргийн сектор гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

1994 онд НХУҮТ-ийн захирлын 219 дүгээр тушаалаар  Нислэгийн хөдөлгөөний алба болон бусад алба салбаруудын харилцан ажиллагааг сайжруулж, нислэгийн мэдээллийг төвлөрүүлэн хяналт тавьж ажиллах шаардлагаар Нислэгийн хөдөлгөөний албанд Аэродромын нислэгийн удирдагчийн байрыг шинээр бий болгожээ.

Нислэгийн удирдагч нарын онол болон практик дадлагыг хянан шалгах, нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хангуулж, нислэгийн хөдөлгөөний удирдлагыг найдвартай удирдуулахын тулд туршлагатай нислэгийн удирдагч нарт багш нислэгийн удирдагчийн эрхийг олгосон.

Нислэг үйлдэх ба нислэгийн хөдөлгөөн удирдах дүрэм-ийг олон улсын жишигт хүргэх шаардлагын дагуу тус дүрмийг шинэчлэн боловсруулж, 1995 оны 10 сараас мөрдөн ажилласан.

Ээлжийн системээр ажиллаж байгаа нислэгийн удирдагч нарын ажлын байрандаа тохь тухтай ажиллах, тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Нислэгийн удирдагч нарт байхуу цай, сахар, кофены хангалт хийж, мөн нислэгийн удирдагч нар болон хөдөлгөөний удирдлагад оролцож байгаа албан тушаалтнууд, хөдөө орон нутагт ажиллаж байгаа нислэгийн удирдагч нарын дүрэмт хувцасны загварыг батлан, дүрэмт хувцсаар хангаж эхэлсэн байна.

1997-2006 он

1997 онд Европын холбооны ТАСИС хөтөлбөрийн хүрээнд НХУҮТ-ийн 16 нислэгийн удирдагчийг ХБНГУ-ын Зийхайм хотын Люфтханза авиакомпанийн сургалтын төвд нислэгийн хөдөлгөөний онолын болон тренажёрын сургалтад хамруулсан. Эдгээр нислэгийн удирдагчид нь эх орондоо ирж нислэгийн хөдөлгөөний дэвтэр ашиглан нислэгийн хөдөлгөөн удирддаг байсан хуучин технологийг халж, Нислэгийн хөдөлгөөний удирдлагад “СТРИП” ашиглан процедурын аргаар нислэгийн хөдөлгөөний удирдлага явуулах технологийг шинээр нэвтрүүлсэн юм. Ингэж 1997 оны 6 дугаар сараас эхлэн нислэгийн хөдөлгөөний удирдлагад СТРИП-ийг ашиглан ажиллах болсон байна.

ИАТУЕГ-ын даргын 1998 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 112 дугаар тушаалаар НХУҮТ-ийг ИАТУГ-ын бүтцэд оруулан ажилласан.

Агаарын навигацийг хөгжүүлэх төслийн хүрээнд баригдсан Нислэгийн хөдөлгөөний шинэ Цамхагийн байр 1998 онд ашиглалтад орсноор нислэгийн удирдагчдын ажиллах нөхцөл эрс сайжирч, нислэгийн хөдөлгөөний удирдлагын болон холбоо навигацийн шинэ тоног төхөөрөмжүүдийг ашиглалтад авч, нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвлөрсөн үйлчилгээтэй болж, бусад алба салбартай харилцан ажиллах ажиллагаа нь эрс сайжирсан байна.

1999 онд Агаарын навигацийг хөгжүүлэх төсөл хэрэгжиж, нислэгийн мэдээлэл солилцох сансрын сүлжээ ашиглалтад орсонтой холбогдуулан нислэгийн хөдөлгөөний удирдлага, үйлчилгээ үзүүлэх байдлаар нь нислэгийн хөдөлгөөн удирдах район, аэродромын бүс, нислэгийн мэдээлэл хангалт хийх зорилгоор агаарын зайг шинэчлэн тогтоожээ.

Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 130 тоот тушаалаар Нислэгийн  хөдөлгөөнийг удирдах үндэсний төвийг задлан Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Техникийн хангалтын алба гэсэн хоёр алба болгож, НОТАМ-ын хэсгийг Олон улсын Буянт-Ухаа нисэх буудалд, Нислэгийн мэдээллийн АИС хэсгийг ИАТУГ-ын бүтцэд тус тус шилжүүлжээ.

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг боловсронгуй болгох зорилгоор 2001 онд ИНЕГ-ын даргын 361 тоот тушаалаар агаарын зайн ангилал болон нисэх буудлуудын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ангиллыг баталсан юм.

Мөн онд ИНД-71, ИНД/73 батлагдан гарсантай холбогдуулан Монгол Улсын агаарын зайн босоо, хэвтээ хязгаарлалтууд болон аэродромуудын бүсийн агаарын зайн ангилалыг тогтоожээ.

2001 онд Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Контролийн нислэгийн хөдөлгөөний удирдлагыг Улаанбаатар хотын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлсэн.

2002 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Аэронавигаци мэдээлэл хангалтын хэсгийг Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны бүтцээс хасаж, Нисэхийн мэдээлэл хангалтын албыг шинээр зохион байгуулсан байна.

2005 онд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь ИНД-172 дүрмийн стандарт шаардлагыг хангаж, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын гэрчилгээг авсан байна.

2006 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хот дахь Контролийн нислэгийн хөдөлгөөний удирдлагыг Улаанбаатар хотын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлснээр Монгол Улсын дээд агаарын зай буюу 6150км-ээс дээш өндөрт үйлдэгдэх бүх нислэгийн хөдөлгөөний удирдлагыг Улаанбаатарын нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвөөс явуулдаг болсон.

2007 – өнөөг хүртэл

2008 онд Монгол Улс, ОХУ-ын хил дээр GINOM, VAMOL агаарын хаалгууд, Монгол Улс БНХАУ-ын хил дээр NIXAL агаарын хаалга тус тус шинээр нээгдсэнтэй холбогдуулан агаарын замын сүлжлийг боловсронгуй болгох ажлын хүрээнд дээд агаарын зайг шинээр процедур удирдлагын 4 сектор (Улаанбаатар, Мөрөн, Сайншанд, Далан)-т хуваан, өнгөрөлтийн нислэгийн хөдөлгөөний урсгалыг БНХАУ-ын болон Зүүн өмнөд азийн улс орнуудын нисэн гарах ба нисэн очих буудлаас нь хамааран параллель агаарын замаар явуулах зохицуулалт хийн ажилласан нь нислэгийн хөдөлгөөний аюулгүй ажиллагаанд том дэвшил болсон байна.

2010 оноос Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд оролцож байгаа нислэгийн удирдагч нарт англи хэлний IY түвшний шаардлага албан ёсоор тавигдсан байна.

2011 оны 5-р сарын 23-ны өдөр Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд бодит ажиглалтын удирдлагаар зайчлал хангуулах туршилтыг  эхлүүлэн, Нислэгийн удирдагчийн ажлын байранд RADAR удирдлагад шилжих ажлыг зохион байгуулсан байна. 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын дээд агаарын зайд анх удаа Нислэгийн хөдөлгөөний удирдлагын процедурын аргачлалаас бодит ажиглалтын удирдлагын аргачлалд шилжүүлэн ажилласан бөгөөд ингэснээр агаарын хөлөг хоорондын тууш зайчлалыг 150 км-ээс 90 км болгон багасган, бодит ажиглалтын удирдлагын 4 сектор  (Төв, Мөрөн, Хэнтий, Говь)-т процедурын удирдлагын 2 сектор (Алтай, Дорнод) секторуудаас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Олон улсын иргэний нисэхийн  байгууллага /ИКАО/-аас  агаарын зайн багтаамжийг ихэсгэх  зорилгоор нислэгийн босоо зайчлалыг багасгах бодлогыг 1997 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ.Нислэгийн багасгасан босоо зайчлал /RVSM/ нь Олон улсын иргэний нисэхийн салбарт хийгдэж буй өөрчлөлт шинэчлэлт бөгөөд нисэхийн салбарын хөгжлийн бодлоготой уялдсан, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн төсөл юм. Энэхүү төслийн хүрээнд ИНЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын агаарын зайд “Багасгасан босоо зайчлал-RVSM”-ын I үе шатыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулснаар  Монгол Улсын агаарын зайн багтаамж нэмэгдэж, агаарын зайд үйлдэгдэх нислэгийн үр ашиг нэмэгдсэн ба нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлсөн. Үүний үр дүнд огтлолцол бүхий агаарын замууд дээрх давхацлын тоо 0,5-1,5 дахин буурч, үйлчлүүлэгч авиакомпанийн агаарын хөлгүүд ашигтай өндрөөрөө нислэг үйлдэх боломжийг 2 дахин нэмэгдүүлсэн байна.

2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагаас  эхлэн Монгол Улсын агаарын зайн бодит ажиглалтын аргачлалын тууш зайчлалыг 90 км-ээс 30 км-т шилжүүлэн ажиллаж эхэлсэн. Ингэснээр зайчлалын стандартыг хөрш улсуудтай уялдуулах, агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх, агаарын тээвэрлэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн юм.

2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10:00 цагаас орон нутгийн цагаас эхлэн нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд Сайхандулаан болон Бөмбөгөрийн радаруудыг албан ёсоор ашиглаж эхэлсэн.

Зам тээврийн яамны  сайдын 232  дугаар тушаалаар Үзүүлэлтэд тулгуурласан Навигаци буюу PBN-ийн 1-р үе шатыг 2015 оны 11-р сарын 12-ны өдрөөс хэрэгжүүлж  нислэгийн үйл ажиллагаанд 3 RNAV5 бүхий агаарын замыг ашиглаж эхэлсэн.

Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь  MNS ISO 9001:2010 чанарын удирдлагын тогтолцооны стандартын шаардлагыг амжилттай хэрэгжүүлж 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сертификат гардан авсан.

2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 00:01 UTC цагаас Ойртолтын нислэгийн удирдлагын үйлчилгээнд бодит ажиглалтын удирдлагын үйлчилгээг  амжилттай нэвтрүүлсэн бөгөөд ингэснээр нислэгийн аюулгүй ажиллагааг нэмэгдүүлж, Олон Улсын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын түвшинд хүрсэн юм.

2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 00.00UTC цагт Үзүүлэлтэд тулгуурласан Навигаци буюу PBN-ийн 2-р үе шатыг нислэгийн үйл ажиллагаанд нэвтрүүлж, Шанхайгаас Лейпцигийн чиглэлд нислэг үйлдэж буй BOX 571 дуудлагатай Боинг 777 маягийн агаарын хөлөг 00.11UTC цагт NIXAL-DARNO чиглэлд Y746 агаарын замаар анхны нислэгийг үйлдсэн. PBN- ийн I, II  үе шатыг хэрэгжүүлснээр агаарын замын маршрут чиг шулуун болж тээвэрлэгч компаниудын нислэгийн цаг, түлш зарцуулалт багассан нь эдийн засгийн ач холбогдолтой. Түүнчлэн агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Агаарын хөлгийн хөдөлгүүрээс гарах нүүрс хүчлийн хийн ялгарал буурснаар байгаль орчинд ээлтэй болсон зэрэг ихээхэн ач холбогдол өгсөн билээ.

2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 11.45 минутад DLH726 аяллын дугаартай “A340-600” агаарын хөлөг манай улсын хилээр нэвтрэн орж ирснээр агаарын тээврийн түүхэнд анх удаа Монгол Улсын агаарын замаар дамжин өнгөрөх нислэгийн тоо 100 мянгад хүрсэн түүхт үйл явдал тохиолоо.

ИНЕГ-ын Тэргүүн дэд даргын 2018 оны 01-р сарын 23-ны өдөр баталсан Автомат хамааралтай ажиглалтын систем ADS-B-ийг нислэгийн хөдөлгөөний зайчлалд ашиглах ажлын төлөвлөгөөнд тусгасан ажлууд амжилттай хийгдэж ИНЕГ-ын Даргын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаар А/322 тушаалын дагуу 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн UTC00:01 цагаас эхлэн ADS-B-ийг нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын зайчлалд агаарын хөлгөөс нэмэлт тоноглол шаардахгүйгээр ашиглаж эхэлсэн.

Улаанбаатар болон Красноярск бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдах төвүүд хоорондын Харилцан ажиллагааны гэрээг 2018.11.21 өдөр баталсан. Красноярскийн НХУТ-тэй OLDI-ийн мэдээ солилцох туршилтын ажил 2018.11.01-30 өдрүүдэд хийгдсэн. 2018.12.10 өдөр үйл ажиллагаанд албан ёсоор хэрэгжүүлэн ажиллаж байна. Красноярск бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдах төвтэй /OLDI/ өгөгдөл солилцох ажлын хэрэгжүүлсэнээр нислэгийн удирдлагын төвүүдийн хоорондох харилцан ажиллагаа автоматжуулагдаж, Darno /43374-35.2%/, Ginom /19483-15.8%/, агаарын хаалгуудаар /нийт өнгөрөлтийн нислэгийн 51,0% буюу 62857 нислэг/ нэвтрэн өнгөрөх агаарын хөлгүүдэд үйлчлэх нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээний аюулгүй ажиллагаа дээшлэх юм.

Алтай секторын нислэгийн ачаалал ихсэж байгаатай холбогдуулан АНБЗГ-ын 2019.03.25-ны өдрийн шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгаварын дагуу 2019.03.26-нд ЕНУ болон БНУ нартай уулзалт зохион байгуулж Алтай секторын хариуцлагын бүсийг хуваах санал боловсруулсан. Мөн 2019.03.27-нд ХНАА-тай  Алтай секторын хариуцлагын бүсийг шинэчлэн тогтооход шаардлагатай радио холбооны давтамжийн талаар хэлэлцэн нэгтгэсэн саналаа АНБЗГ-ын дарга менежерт 2019.03.28-нд танилцуулсан. Алтай , Баян секторын үйл ажиллагааны заавар боловсруулан НААХЗА-аар хянуулан 2019.05.08-ны өдөр АНБЗГ-н даргаар батлуулсан. Шинэчлэн тогтоогдсон агаарын зайн Алтай, Баян секторын үйл ажиллагаа 2019 оны 07-р  сарын 8-ны өдрийн 00.01UTC цагаас эхэлсэн.

НХҮА-наас шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан 2021.07.01 ний өдрөөс эхлэн Чингис хаан ОУНБ-ийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхагын ажлын байранд 4 ээлжээр ажиллаж эхэлсэн, тухайн үед агаарын тээвэрлэгч байгууллагууд агаарын хөлгүүдээ шилжүүлэн байршуулах үйл ажиллагаа хийгдсэн. Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг 2021.07.04 ний өдөр албан ёсоор эхлүүлсэн болно.

software downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجindirfilemajor